Орчин үеийн дэлгэцийн технологи ба тэдгээрийн ялгаа: Алийг нь сонгох вэ?
- VEXA agency

- Mar 19, 2025
- 3 min read

1. LCD (Liquid Crystal Display) – Шингэн болор дэлгэц

Компьютер, телевизор, ухаалаг утас, зөөврийн компьютер зэрэгт өргөн хэрэглэгддэг технологи юм. Эрчим хүчний хэмнэлттэй, үнэ хямд, нимгэн, хөнгөн загвартай, дүрсний нарийвчлал өндөр, гэрлийн цацраг багатай зэрэг олон давуу талтай хэдий ч хар өнгийг гаргах чадвар муу, харах өнцөг хязгаарлагдмал, гэрэлтүүлгийн жигд бус байдал ажиглагдаж болно.
2. LED (Light Emitting Diode) – Гэрэлтдэг диодтой дэлгэц

LED дэлгэц нь телевизор, ухаалаг утас, компьютерийн монитор, гудамжны сурталчилгааны самбар, театрын дэлгэц зэрэгт өргөн хэрэглэгддэг. Илүү тод, өнгөний ялгарал сайтай, эрчим хүчний зарцуулалт бага, хар өнгийг илүү бодитоор харуулдаг, LCD-ээс илүү урт насжилттай, хариу өгөх хурд сайн гэх мэт олон давуу талтай боловч зарим төрлүүд нь LCD-ээс үнэтэй байх нь түгээмэл.
3. OLED (Organic Light Emitting Diode) – Органик гэрэлтдэг диодтой дэлгэц

Уг технологийг ухаалаг утас /Galaxy Flip/, телевизор, ухаалаг цаг, VR төхөөрөмж, автомашины дэлгэц зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнд ашигладаг. Пикселүүд унтрах боломжтой тул гүн хар өнгө үүсгэдэг, илүү өнгө ялгаралттай, хөдөлгөөний бүдэгрэл бага, илүү нимгэн, хөнгөн дэлгэц хийх боломжтой, эвхэгддэг дэлгэцүүдэд ашигладаг боловч удаан хугацаанд тогтмол зураг гаргавал дэлгэц дээр үлдэгдэл дүрс үүсч болзошгүй.
4. QLED (Quantum Dot LED) – Квант цэгт суурилсан LED дэлгэц

QLED дэлгэцийг ихэвчлэн Samsung, TCL, Hisense зэрэг брэндүүдийн өндөр чанарын телевизор, зарим монитор дээр ашигладаг. LCD-ээс илүү тод, өнгө ялгаралт сайтай, OLED-ээс илүү тод гэрэл гаргах чадвартай буюу гадаа ашиглахад илүү тохиромжтой, шаталт (Burn-in) үүсэхгүй, илүү удаан эдэлгээтэй боловч хар өнгө гүн биш, харах өнцөг бага, пиксел тус бүр нь өөрөө гэрэлтэхгүй зэрэг сул талуудтай юм.
5. Mini LED – Жижиг хэмжээтэй LED гэрэлтvvлэгтэй дэлгэц

Телевизор /Samsung/, Компьютерийн монитор /Apple Pro Display XDR/, Зөөврийн компьютер, таблет /MacBook Pro/ зэрэгт хамгийн түгээмэл ашигладаг. Mini LED нь OLED болон уламжлалт LED LCD дэлгэцийн дунд үеийн технологи гэж хэлж болно. OLED шиг гүн хар өнгө гаргахгүй ч илүү өндөр тодролтой, удаан эдэлгээтэй сонголт юм.
6. Micro LED – Илүү нарийвчилсан LED технологи

Уг технологиор том хэмжээний телевизор /Samsung, Sony, LG/ дээд зэрэглэлийн монитор, самбар буюу зарим өндөр нарийвчлалтай дэлгэцүүд, ирээдүйн ухаалаг утас, таблет /Apple зэрэг компаниуд хөгжүүлж байгаа/ зэрэгт түгээмэл ашиглаж байна.
MicroLED нь OLED-ийн бүх давуу талыг хадгалж, илүү удаан эдэлгээтэй, өндөр тодролтой, эрчим хүчний хэмнэлттэй дэлгэц болж хөгжиж байна. Гэвч одоогоор үнэ өндөр, үйлдвэрлэл хязгаарлагдмал байгаа тул том хэмжээний дэлгэцүүдэд голчлон ашиглаж байна.
Аль нь илүү тохиромжтой вэ?
Ердийн хэрэглээнд: LED эсвэл LCD
Дээд зэрэглэлийн үзвэрийн зориулалттай: OLED эсвэл QLED
Тоглоом болон HDR контент үзэхэд: OLED, Mini LED, эсвэл Micro LED
Зураг засвар, мэргэжлийн ажилд: OLED эсвэл Micro LED
2025 оны байдлаар OLED, QLED, Mini LED, Micro LED зэрэг технологиуд хөгжиж, улам бүр чанартай дэлгэцүүд зах зээлд гарсаар байна. Гэхдээ үнэ, хэрэглээний зориулалтаас хамаарч LED болон LCD дэлгэцүүд ч бас зах зээлээс бүрэн шахагдаагүй байгаа билээ.
Хэрэв та дэлгэц сонгохоор төлөвлөж байгаа бол ашиглах зорилго, төсөв, чанарын шаардлагаа харгалзан хамгийн тохиромжтой технологийг сонгох нь чухал юм! 🚀




Comments