top of page
Search

2025 оны шилдэг AI туслах хэн бэ?

Сүүлийн жилүүдэд Artificial Intelligence (AI) буюу Хиймэл оюун ухаан маш хурдацтай хөгжиж бид ч бас өдөр тутмын хэрэглээндээ нэвтрүүлсээр байгаа билээ. Бие даасан AI tool-с гадна бүхий л апплекейшнүүд өөрийн гэсэн AI туслахтай болсоор байна. Аль нь илүү ухаалаг, аль нь танд илүү тохиромжтой вэ? Энэ блогт бид эдгээр 5 AI загварыг бодит хэрэглээний үүднээс харьцуулж, аль нь ямар нөхцөлд илүү үр дүнтэй болохыг задлан шинжиллээ.


  1. Хамгийн түгээмэл туслах: Chatgpt

2022 оны 11 сард хэрэглээнд нэвтэрсэн уг Tool дэлхий даяар хамгийн түгээмэл ашиглагдсаар байна. Хүмүүс эхлээд зураг бүтээх чадвар, хэтэрхий робот мэт зэргээс болж эргэлзэж байсан ч зах зээлд үлдэхийн тулд сайжирсаар байгаа юм.


Ойлголт ба Хариултын Чанар

Бусад AI-ийг бодвол илүү хүн шиг хариулт өгөх чадвартай ба таны мэдээллийг хадгалан дараагийн удаа тэрхүү мэдээллээсээ шинэчлэлт хийдэг нь маш давуу талтай. Мөн танд ямар өнгө аясаар (албан, хөгжилтэй, энгийн г.м.) ярилцахаа хэлбэл тэрэн дээр хурдан дасан зохицдог.

Ойрын үед манай улсад ихээхэн маргаан дагуулж байгаа сэдэв болох "Монгол улсад уран олборлолтын тухай ард иргэд ямар байр суурьтай байна вэ? Мөн чиний үзэл бодол?" хэмээн монголоор ChatGPT 4o-с асуув.


Эсэргүүцэгчид болон дэмжигчид гэсэн хэсэгт хуваан 2 талын байр суурийг нэг нэг өгүүлбэрт багтаан, эх сурвалжуудыг дурдан, товч бөгөөд тодорхой хариуллаа.

Үүнээс харахад аль нэг талыг хэт барилгүй 2 талын өнцгийг тусгахдаа ойлгомжтой бөгөөд богино тайлбар өгсөн нь амар санагдлаа.


Мэдлэгийн Цар Хүрээ ба Шинэчлэл

Уг хэсгийг дүгнэхдээ хамгийн сүүлийн үеийн мэдлэгтэй эсэх, вэбээс мэдээлэл хайх чадвар мөн ямар сэдэвт илүү мэргэшсэн бэ гэх үндсэн 3 ойлголтыг тусгалаа. Үүнд 3 ойлголтыг гурвууланг нь багтаасан тул "Өнөөдрийн олон улсын шинэ мэдээ" гэсэн сэдвээр асууж үзэв.

Олон улсын мэдээг "Дэлхийн хэрэг явдал, эдийн засгийн хөгжил, шинжлэх ухаан, соёл урлаг гэсэн өргөн хүрээнд авч үзсэн нь бүхий л төрлийн сэдэвт мэргэшсэн гэж хэлж болохоор байна. Мөн мэдээлэл бүрийн доор эх сурвалж дурдсан нь давуу тал гэж харагдлаа.


Онцлог Болон Нэмэлт Чадварууд

Зураг таних, зураг үүсгэх, код бичих, баримт боловсруулах гэх мэт нэмэлт функцууд хэр сайн бэ? ChatGPT-н хувьд зураг таних болон үүсгэх чадвар сүүлийн үед мэдэгдэхүйц сайжраад байгаа. Саяхан Ghibli Studio-н мэт зураг үүсгэх тренд болж Hayao Miyazaki-н дургүйг нэлээд хүргээд авсан. Харин зураг бүтээлгэхийн оронд ажлаас чөлөө авах хүсэлтэй албан ёсны мэйл бичүүлж үзэв.

Албан ёсны хүсэлт гэсэн учраас миний өгсөн даалгаврыг хангалттай сайн биелүүллээ гэж үзэж байна.


Үнэ болон Хэрэглээний Хязгаар

ChatGPT-н хувьд төлбөртэй болон төлбөргүй хувилбар нь нэлээд ялгаатай. Төлбөртэй хувилбараар deep search буюу нэлээд гүнзгий хайлтаар олон эх сурвалжаас гаргаж өгдөг нь маш давуу талтай. Үнийн хувьд сарын 20$ юм. Хэрвээ та гүнзгий судалгаа хийх, зураг үүсгэх, хамгийн сүүлийн үеийн шинэчлэлтүүдийг хэрэглэх болон ChatGPT-тэй ярилцахыг хүсэж байвал Plus хувилбар нь тохиромжтой.


  1. ChatGPT-н хамгийн том өрсөлдөгч: DeepSeek

Хятадын хиймэл оюун ухааны (AI) стартап DeepSeek программ зах зээлд гарсан даруйдаа Appstore болон Playstore-н жагсаалтуудыг тэргүүлж, АНУ-ын технологийн хувьцааг унагаснаар дэлхий даяар шуугиан тарьсан. ChatGPT бүтээгч OpenAI-н бүтээсэн технологитой өрсөлдөх чадвартайгаас гадна бүтээхэд хамаагүй бага зардалтай байсан аж. DeepSeek-н алдар нэр, боломжит хөрөнгө оруулагчдыг гайхшируулж, чипийн аварга Nvidia-н зах зээлийн үнэ цэнийг хэдэн тэрбум доллароор унагаж, Америкийн пүүсүүд хиймэл оюун ухааны (AI) хурдацтай хөгжиж буй зах зээлд ноёрхох эсэх нь олон хүний ​​таамаглаж байсанчлан эргэлзээ төрүүлээд авсан. Ерөнхийлөгч Дональд Трамп үүнийг АНУ-ын компаниудын "сэрэх дуудлага" гэж хүртэл тодорхойлсон байна.


  1. Ойлголт ба Хариултын Чанар

DeepSeek одоогоор үнэгүй хувилбар нь түгээмэл ашиглагдаж байна. Мөн 128K context window-той буюу энэ нь урт бичлэг, том файлуудыг боловсруулахад илүү сайн гэсэн үг юм. Монгол хэл дээр хариулж байгаа нь зарим үгэн дээрээ алдаатай боловч агуулгын хувьд авч үзвэл тун дажгүй аж. Бүртгэл шаардлагагүй нь хэрэглэгч төвтэй хэрэглэгчийн мэдээллийг нууцалдаг давуу талтай.

ChatGPT-с асуусантай ижилхэн "Монгол улсад уран олборлолтын тухай ард иргэд ямар байр суурьтай байна вэ? Мөн чиний үзэл бодол?" хэмээн асууж үзлээ.

Хэдийгээр эх сурвалж дурьдаагүй ч асуудлыг олон талаас нь авч үзсэн нь давуу талтай байлаа.


Мэдлэгийн Цар Хүрээ ба Шинэчлэл

Өнөөдрийн олон улсын шинэ мэдээ сэдвээр асуухад эх сурвалж дурдаагүй ба мэдээллийг тив тивээр ангилж гаргаж өглөө. Энэ нь олон талын мэдлэг мэдээлэл дутмаг байгаа мэт санагдав.


Онцлог Болон Нэмэлт Чадварууд

ChatGPT шиг зураг шууд үүсгэх боломжгүй гэхдээ яг адилхан мэйл бичих даалгавар өгөв.

Мэйлийг хангалттай бичсэнээс гадна нэмэлт зөвлөгөө өгөв. Мэргэжлийн няхуур хандаж байгаагаас үзэхэд DeepSeek бичих болон боловсруулах тал дээр илүү төвлөрсөн буюу давуу талтай юм.


Үнэ болон Хэрэглээний Хязгаар

DeepSeek нь таны бичсэн текстийг токенүүдэд хувааж, дараа нь тус бүр токенд үнэ тооцдог. DeepSeek-R1 (Ахисан түвшний логик загвар) нь нарийн логик шаардсан бодлого, кодчлол, судалгаанд суурилсан ажилд тохиромжтой.

Үнийн бүтэц:

  • Оролтын токен:

    • Cache hit: 1 сая токенд $0.14

    • Cache miss: 1 сая токенд $0.55

  • Гаралтын токен: 1 сая токенд $2.19

Хэрэв багаараа хэрэглэвэл хэрэглэгч тутамд сард $18, харин зөвхөн өөрөө хэрэглэвэл сард $20. DeepSeek нь OpenAI зэрэг өрсөлдөгчдөөс харьцангуй хямд үнэ санал болгодог тул хөгжүүлэгчид болон бизнесүүдэд тохиромжтой. Мөн 16:30–00:30 (UTC) цагийн хооронд токенийн үнэ 75%-иар буурдаг нь хэрэглэгчдэд том давуу тал.


  1. Google-н бүтээл: Gemini

Google-ийн 2023 оны 12 сараас эхлэн хэрэглээнд нэвтэрсэн Gemini нь AI-ийн хөгжлөөс том алхам бөгөөд ялангуяа томоохон хэлний загварууд (LLM) чиглэлд чухал үүрэг гүйцэтгэдэг. Google-ийн өмнөх AI загвар Bard-ын дараагийн үе болгон танилцуулсан Gemini нь харилцан ярианы AI, асуудал шийдвэрлэлт, болон контекстыг ойлгох чадварыг сайжруулах чиглэлд түлхүү анхаарсан.


Ойлголт ба Хариултын Чанар

Бусад хиймэл оюун ухааны программыг бодвол хүмүүстэй байгалийн, уян хатан хэлээр харилцахын тулд тусгайлан бүтээгдсэн. Гэсэн хэдий ч хариулт нь ихэвчлэн найз нөхөд хоорондоо харилцаж буй мэт ажээ. Мөн монгол хэл дээр харилцахад асуудалгүй ойлгож байв. Бүгдээс нь ижилхэн асуулт асуусан тул дүгнэлт хийхэд илүү амар байв.

Gemini-н хувьд асуудлыг маш олон талаас нь дэлгэрэнгүй авч үзсэнээс гадна тус бүр дээр эх сурвалж дурдав. Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийн хувьд ямар хор хөнөөлтэйг дэлгэрэнгүй тайлбарлажээ.

Мөн өөрийн байр сууриа ч дэлгэрэнгүй бөгөөд ойлгомжтой тайлбарлалаа.


Мэдлэгийн Цар Хүрээ ба Шинэчлэл

Өнөөдрийн олон улсын шинэ мэдээ сэдвээр асуухад ChatGPT-тэй нэлээн төстэй хариулсан ба сэдэв сэдвээр хуваасан нь олон талын мэдээллын сан байгааг харуулж байна.

Мөн тухайн өдрийн мэдээллийг асуудалгүй гаргаж өгч байгаа нь live search асуудалгүй харагдаж байна.


Онцлог Болон Нэмэлт Чадварууд

Gemini 2.0 flash зураг үүсгэх функцтэй тул орчин үеийн монгол эмэгтэй гэсэн зураг үүсгэхийг хүслээ.

Prompt-г минь асуудалгүй ойлгож алдаагүй гүйцэтгэв.


Үнэ болон Хэрэглээний Хязгаар

Google-ийн Gemini нь хоёр үндсэн хувилбартай: үнэгүй хувилбар болон Gemini Advanced гэх төлбөртэй ахисан хувилбар. Үнэгүй хувилбар нь өдөр тутмын энгийн хэрэгцээнд тохиромжтой бол Gemini Advanced нь илүү нарийн, гүнзгий чадваруудыг агуулдаг. Энэ хувилбар нь сард £20 (ойролцоогоор $25) үнэтэй бөгөөд Google Workspace-ийн үйлчилгээнүүдтэй (Gmail, Google Docs гэх мэт) илүү уялдаа холбоотой ажиллах боломжтой.

Gemini Advanced нь үнэгүй хувилбартай харьцуулахад код бичих, Google-ийн үйлчилгээтэй интеграци хийх тал дээр давуу талтай боловч энгийн хэрэглэгчдийн хувьд сард $20 төлөх шалтгаан хангалттай мэдрэгдэхгүй байж болно.


  1. Claude AI гэж юу вэ?

Claude AI бол том хэмжээний хэлний загвар (LLM) дээр суурилсан хиймэл оюун ухааны чатбот юм. Claude нь текст үүсгэх, код бичих, бүтээлч бичвэр боловсруулах, урт баримт бичиг хураангуйлах зэрэг олон төрлийн даалгаврыг гүйцэтгэж чадна. Мөн зураг болон текстэн файлуудыг оруулж, илүү нарийвчилсан хариу авах боломжтой.​

Claude AI-г АНУ-ын Сан Франциско хотод байрладаг Anthropic компани 2023 оны 3-р сард анх танилцуулсан.Энэхүү компани нь OpenAI-ийн хуучин ажилтнуудын үүсгэн байгуулсан компани бөгөөд хиймэл оюун ухааны аюулгүй байдал, ёс зүйд түлхүү анхаардаг.

Claude AI нь бусад хиймэл оюун ухаанд суурилсан программуудтай ижил төстэй олон чадвартай боловч зарим онцлог ялгаатай. Жишээлбэл, Claude нь хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр өгөгдлийг сургалтад ашигладаггүй бөгөөд 90 хоногийн хугацаанд өгөгдлийг хадгалдаг. Мөн Claude нь файл оруулах, урт текст боловсруулах зэрэгт илүү тохиромжтой боловч зураг үүсгэх, интернетээс мэдээлэл хайх боломжгүй.​


Ойлголт ба Хариултын Чанар

Олон хэл дээр ашиглах давуу талтай гэсэн боловч монгол хэл дээр нэлээн найруулгын алдаатай, үгийн сан дутмаг ажиглагдаж байв.

Асуудлыг зөвхөн 2 талаас харалгүй олон талаас харах гэж хичээсэн хариулт өглөө. Мөн DeepSeek-тэй ижил эх сурвалж дурдсангүй.


Мэдлэгийн Цар Хүрээ ба Шинэчлэл

Өнөөдрийн олон улсын шинэ мэдээ сэдвээр асуухад Claude AI нь 2024 оны аравдугаар сараас хойших бодит цагийн мэдээг мэдэхгүй ба 2025 оны дөрөвдүгээр сарын 21-нд хариулж байгаа ч гэсэн тухайн өдрийн шуурхай, шинэ мэдээллийг өгөх боломжгүй гэв. Тиймээс өнөөдрийн дэлхийн мэдээг авахын тулд дараах эх сурвалжуудыг ашиглахыг зөвлөсөн.

Claude AI нь шинэ мэдээний бодит цагийн хандалтгүй бөгөөд сүүлийн мэдлэгийн хязгаар нь 2024 оны 10 сар. Энэ нь хэрэглэгчийн өнөөдрийн олон улсын мэдээг авах зорилгод тохирсонгүй. Зөв эх сурвалж руу чиглүүлсэн нь сайн талтай ч, бодит мэдээ авахыг хүссэн хэрэглэгчийн хэрэгцээг хангаж чадахгүй сул талтай байна.


Онцлог Болон Нэмэлт Чадварууд

Хайрын шүлэг бичиж өгөх хүсэлт гаргахад мэдрэмжтэй, яруу найргийн хэллэгтэй ба “Тэнгэрийн од мэт гялалзах нүд”, “Хаврын борооны дараах цэнхэр тэнгэр шиг” гэх мэт зүйрлэлүүд нь сэтгэл хөдөлгөм, дүрслэл сайтай санагдав. Мөн өвөрмөц зүйрлэлүүд: “Уулын оройгоос урсах горхи шиг”, “Талын салхи шиг эрх чөлөөгүй ч” гэх мэт дүрслэл нь шүлгийн сэтгэлзүйг баяжуулсан байна.

Гэсэн хэдий ч тогтсон хэлбэр, шад мөрийн зохицол бага зэрэг сул байна. Илүү классик хэлбэрт оруулах эсвэл шүлгийн ритм, уран яруу найруулгыг чанаржуулах боломжтой мэт санагдлаа.


Үнэ болон Хэрэглээний Хязгаар

Claude AI-г ашиглахад хялбар буюу вэб хөтөч эсвэл гар утасны аппликейшнээр дамжуулан хандах боломжтой. Үнэгүй хувилбар нь Claude 3.5 Sonnet загварт хандах боломж олгодог бол сард $20 төлснөөр бүх загваруудыг ашиглах, хэрэглээний хязгааргүй, хурдан хариу авах зэрэг давуу талуудтай.


Үүнээс дүгнэхэд...

📚 4 үндсэн өгөгдөл дээр тулгуурлан тус бүрт даалгавар өгч туршихад монгол хэл дээр ашиглахад илүү давуу талтай, алдаа багатай гэдгээрээ ChatGPT илүүрхлээ. DeepSeek-н хувьд дэлгэрэнгүй, хянуур хариулт түлхүү өгч байна. Гэхдээ үнэгүй ба хэрэглэгчийн мэдээллийг хадгаладаг нь давуу талтай юм. Google Gemini бусдыгаа бодвол төлбөртэй хувилбар нь арай үнэтэй санагдав. Гэсэн ч мэргэжлийн түвшинд код бичих болон Workspace-н үйлчилгээтэй. Харин Claude AI одоохондоо бүхий л тал дээр хөгжүүлэлт сул гэсэн дүгнэлтэд хүрлээ.

🏆Тиймээс үнэмлэхүй ялагчаар ChatGPT.

 
 
 

Comments


©2024 by Vexa Solution LLC. All rights reserved

  • Instagram
  • Facebook
  • YouTube
bottom of page