top of page
Search

Blockbuster: Тэрбум долларын аварга компаниас дампуурал хүртэл

Blockbuster нь 1980-аад оны сүүлээс 2000-аад оны дунд үе хүртэл дэлхийд ноёрхож байсан кино болон видео тоглоом түрээсийн тухайн үеийн хамгийн том сүлжээ компани юм. 1985 онд АНУ-д үүссэн энэхүү брэнд нь богино хугацаанд маш хурдацтай тэлж, 1986 он гэхэд дэлхий даяар 9,000 гаруй дэлгүүртэй, 65 сая хэрэглэгчтэй аварга компани болж хувирсан юм.

Blockbuster нь тухайн үед гэр бүлийн амралтын өдөр, кино үдшийн нэгэн салшгүй хэсэг болж, “Make it a Blockbuster night” гэх уриа нь өдөр тутмын амьдралын нэг хэллэг болон үлджээ. Зөвхөн АНУ-с гадна бид 2000-аад оны nostalgic кино үзэх үед уг компани нэг бус удаа дурьдагддаг нь бидний сэтгэл зүрхэнд хүртэл тод үлдсэний жишээ юм.

Харамсалтай 2010 онд дампуурлаа зарлаж, дэлгүүрүүд нь хаагдсан юм. Гэсэн хэдий ч Blockbuster нь өнөөдөр ч олон хүний сэтгэл зүрхэнд амьд хэвээр. Харин уг компаны өсөлтөөс авхуулаад уналт хүртэл он цагийн зурвас болон сургамжыг толилуулж байна.


Үүсгэн байгуулалт ба Эхний өсөлт (1985–1994)

Blockbuster компанийг 1985 онд Дэвид П. Күүк нэртэй Техасын програм хангамжийн бизнес эрхлэгч үүсгэн байгуулсан. Тэрээр өмнө нь газрын тос, байгалийн хийн салбарт компьютерийн үйлчилгээ үзүүлдэг компани ажиллуулж байв. Түүний энэ бизнес уналтад орсны дараа тэрээр видео түрээсийн шинэ зах зээл рүү анхаарлаа хандуулсан байна.

1985 оны 10-р сарын 19-нд анхны Blockbuster дэлгүүрийг Техасын Даллас хотод нээж, 8,000 ширхэг VHS болон 2,000 ширхэг Betamax кассет бүхий өргөн сонголттойгоор хэрэглэгчдэд үйлчилж эхэлжээ. Тухайн үед бусад жижиг дэлгүүрүүдтэй харьцуулахад энэ нь маш их хэмжээний нөөц байв. Нээлтийн өдөр нь маш амжилттай болж, үйлчлүүлэгчдийн урсгалаас шалтгаалан дэлгүүрийн хаалгыг хаахад хүрсэн гэдэг. Энэ нь хүмүүсийн киноны өргөн сонголттой түрээсийн үйлчилгээний эрэлт асар их байгааг харуулсан.

Уг нэр нь Hollywood-ийн "blockbuster" буюу “амжилттай кино” гэсэн нэршлээс санаа авсан бөгөөд компани томоохон зорилготой байсныг илтгэнэ.

Үүсгэн байгуулагч Cook нь технологийн хүчийг зөв ашигласнаар Blockbuster-ийг хурдан нэрд гаргаж чадсан юм. Тэрээр 6 сая ам.долларын үнэтэй түгээлтийн төв байгуулж, кассет бүрийг кодчилж, хэрэглэгчийн мэдээлэл болон түрээсийн хяналттай системийг хөгжүүлжээ. Энэхүү дата дээр суурилсан систем нь дэлгүүр бүрийн бараа, кинонуудыг тухайн хорооллын хэрэглэгчдийн зан төлөвт тохируулан зохицуулах боломж олгож байв.

Blockbuster мөн насанд хүрэгчдэд зориулсан кинонуудаас татгалзсан нь гэр бүлийн чиглэлийн, найдвартай брэнд болох дүр төрхийг бүрдүүлж байлаа.

1987 он гэхэд Blockbuster 15–20 дэлгүүртэй болоод байв. Энэ үед Wayne Huizenga (Waste Management Inc-ийн хамтран байгуулагч) компанид анхаарлаа хандуулж, 18.5 сая ам.доллараар компанийн хяналтын багцыг худалдаж авсан. Cook удирдлагатай зөрчилдсөнөөр компанид ажлаа өгч, Huizenga удирдлагыг гартаа авсан байна.

Huizenga компанийн үйл ажиллагааг McDonald’s шиг франчайз зарчмаар хурдацтай тэлэх зорилготой байв. Тэрээр өдөр бүр шинэ дэлгүүр нээж, жижиг сүлжээнүүдийг худалдан авсаар байлаа. 1988 он гэхэд Blockbuster АНУ-ын хамгийн том видео түрээсийн сүлжээ болж, 400 гаруй дэлгүүртэй болсон байв.

Дараа дараагийн жилүүдэд Blockbuster олон улсын зах зээл рүү гарч, Major Video, Erol’s Video, Ritz зэрэг өрсөлдөгч сүлжээнүүдийг худалдан авчээ. Видео тоглоомын түрээсийг мөн нэвтрүүлж, гэр бүлийн хэрэглээнд чиглэсэн өргөн үйлчилгээ үзүүлж байв.


Бизнесийн загвар ба оргил үеийн стратеги (1994–2004)

1990-ээд оноос 2000-аад оны эхэн үе хүртэл Blockbuster-ийн бизнесийн гол загвар нь өөрсдийн дэлгүүрүүдээр дамжуулан кино, видео тоглоом түрээслэх үйлчилгээ байв.

Хэрэглэгчид Blockbuster-ийн тод шар-цэнхэр өнгийн дэлгүүрүүд рүү орж, эгнээ эгнээгээр өрсөн VHS, дараа нь DVD, тоглоомын сонголтоос сонголт хийж, гишүүнчлэлийн карт ашиглан түрээс хийх гэсэн загвартай байжээ. Тухайн үед 65 сая гаруй идэвхтэй хэрэглэгч бүртгэлтэй байсан бөгөөд Blockbuster нь Америк даяар хамгийн ойр байрлах, хүн бүрийн амьдралын салшгүй нэг хэсэг болсон дэлгүүр байв. Blockbuster нь “шинэ кино үргэлж бий” гэх уриатайгаар шинэ гарсан киноны олон хувилбарыг нөөцөлдөг байсан ба кино студиудтай орлого хуваах гэрээ байгуулж, олон хувиар авдаг байсан. Энэ нь тухайн шинэ киног бусад дэлгүүрүүдээс хамаагүй өргөн сонголттойгоор санал болгох боломжийг бүрдүүлж байв.

1997 онд Warner Bros кино студи Blockbuster-т DVD-г жижиглэн худалдаанд гаргахаас өмнө түрээслэх онцгой эрх санал болгосон ч Blockbuster уг саналаас татгалзсан байна. Энэ татгалзалт Walmart зэрэг дэлгүүрүүд DVD-г хямд үнээр шууд зарах боломжийг нээж өгсөн нь түрээсийн зах зээлд хүнд цохилт болж байжээ.


Blockbuster-ийн хамгийн ашигтай орлого нь түрээсийн хугацаа хэтэрсэн кино болон тоглоомуудын торгуулиуд байв. 2000 он гэхэд орлогынх нь 800 сая ам.долларыг зөвхөн хожимдолын торгууль бүрдүүлж байв. Энэ нь нийт орлогын 16%-ийг эзэлдэг байсан гэсэн үг юм. Гэвч хэрэглэгчдийн зүгээс энэ нь бухимдал, сөрөг хандлага үүсгэх гол шалтгаан болжээ. 1997 онд Reed Hastings хэмээх нэгэн хэрэглэгч $40-ийн хожимдолын торгууль төлөхдөө бухимдаж, үүнээс үүдэн Netflix-ийг үүсгэн байгуулсан гэдэг.


Өрсөлдөөний орчин ба Blockbuster-ийн хариу үйлдэл

Blockbuster эхэндээ жижиг хэмжээний видео тоглоомын дэлгүүрүүд, бүс нутгийн сүлжээнүүдтэй өрсөлддөг байв. Харин илүү өргөн сонголт, цэвэрхэн ба гэр бүлд чиглэсэн орчин, мэргэжлийн удирдлага гэсэн хүчин зүйлсээрээ тэдгээр өрсөлдөгчдийг богино хугацаанд түлхэж гаргасан юм.

Үлдсэн гол өрсөлдөгч нь Hollywood Video байсан. Blockbuster 2005 онд Hollywood Video-г худалдаж авахыг оролдсон ч өрсөлдөгч Movie Gallery илүү сайн санал тавьж, уг наймаа бүтэлгүйтсэн. Гэхдээ 2010 онд Movie Gallery / Hollywood Video ч мөн дампуурлаа зарласан юм.

Харин 1997 онд Netflix гарч ирснээр Blockbuster жинхэнэ эрсдэлтэй нүүр тулсан. Netflix нь DVD-г шуудангаар илгээдэг захиалгын үйлчилгээтэй, хугацааны хязгааргүй, торгуульгүй, онлайн сонголт ба гэрт хүргэлттэй гэсэн давуу талуудтай байсан нь цоо шинэ стратеги байв.

Гэвч Blockbuster энэ шинэ загварыг үл ойшоож, 2000 онд Netflix-ийг $50 саяар худалдан авах саналыг Reed Hastings (Netflix-ийн үүсгэн байгуулагч) тавьсан хэдий ч тэд эрс татгалзсан. Харин энэ нь МАШ ТОМ алдаа байсаныг хожимдож ухаарсан юм. Reed Hastings Blockbuster-ийн төв байранд уулзалт хийхэд тэд түүнийг инээгээд хөөж явуулсан гэдэг.

Blockbuster технологийн хөгжлийг мэдэрч байсан ч маш удаан хариу үйлдэл үзүүлсэн. 2000 онд Enron Broadband-тэй хамтран видео стриминг туршиж эхэлсэн ч, хөрөнгө оруулалт дутсанаар зогсоожээ. Redbox нэртэй автомат машин (киоск)-аар түрээс санал болгодог шинэ өрсөлдөгч гарч ирэхэд, Blockbuster өөрсдөө киоск туршсан ч хэтэрхий оройтсон байсан.

Шинэ CEO Жеймс Кийс 2007 онд ажилд орсны дараа онлайн стратегийг огцом танаж, дэлгүүрийн төвтэй загвар руу эргэн орсон нь Netflix-д бүрэн давамгайлж өгөх боломж олгов.

Blockbuster-ийн гол алдаануудын нэг нь өрсөлдөгчөө буруу тодорхойлсон. Тэд Netflix, Redbox-ийг жинхэнэ аюул гэж хараагүй. Харин Walmart, Apple iTunes, хулгайн контент гэх мэт өрсөлдөгчдөд анхаарлаа төвлөрүүлсэн. Энэ нь стратегийн төөрөгдөл байжээ.


Стратегийн алдаанууд ба томоохон шалтгаанууд

Blockbuster-ийн уналт нь ганц нэг алдаанаас бус, цуварсан стратегийн буруу шийдвэрүүдийн цогц байв. 2000 онд Netflix компанийн үүсгэн байгуулагчид Blockbuster-т хандаж $50 саяаар Netflix-ийг худалдах санал тавьсан хэдий ч тэд үүнийг юман чинээ тоож хараагүй юм.

👉 Энэ нь өнөөгийн бизнесийн ертөнц дэх хамгийн том "алдсан боломж"-уудын нэг гэж тооцогддог.Blockbuster "торгуульгүй захиалгын загварыг" ач холбогдолгүй гэж үзсэн.

Тэд хоцорсон түрээсийн төлбөртөө хэтэрхий найдаж байсан. Арга ч үгүй биз, учир нь дээр дурдсанаар тэдний орлогын 16 хувь буюу жилд 800 сая долларын орлогыг авчирдаг байжээ. 2005 онд “No Late Fees” хөтөлбөр эхлүүлсэн ч энэ бодлого нь тодорхой бус нөхцөлтэй байсан ба хэрвээ кино 1 долоо хоног хожимдвол “худалдан авалт” гэж тооцогдож хэрэглэгчээс мөнгө суутгадаг байсан. Үүнээс болж 48 муж улс Blockbuster-ийн эсрэг зарга мэдүүлж, компанид торгууль ногдуулсан.

Оргил үедээ 9000 гаруй дэлгүүртэй байсан ч 2008 оноос хойш орлого огцом буурч эхэлсэн. Дэлгүүр бүрийн түрээс, ажиллах хүч, хадгалалт гээд зардал өндөр байсан. Ингээд 2009 оноос эхлэн олон зуун дэлгүүрээ хааж эхэлсэн.


Санхүүгийн уналт ба дампуурал (2005–2010)

Blockbuster 2000-аад оны дунд үе хүртэл маш ашигтай ажиллаж байсан ч, 2005 оноос хойш тэдний дэлгүүрийн ашиг багасаж, DVD түрээсийн орлого буурч, тогтмол зардлууд (түрээс, цалин, нөөц) нэмэгдэж эхэлсэн.

Энэ үед Netflix захиалгын үйлчилгээ, Redbox автомат киоск, iTunes, Amazon Video зэрэг шинэ дижитал платформууд хэрэглэгчдийн анхаарлыг татаж эхэлсэн.

Мөн 2008–2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үед хүмүүс кино түрээсийг багасгасан. Үүнээс гадна Netflix стримингээ 2007 онд эхлүүлж, хэрэглэгчид интернэтээс шууд кино үзэхэд шилжсэн нь Blockbuster-н бодит дэлгүүрийн загвар хэтэрхий хоцрогдож, шинэ хэрэглээнд таарахгүй болсныг хувьцаа эзэмшигчид болон захиралуудад ойлгуулжээ.

2002 онд Blockbuster-н нэгж хувьцааны үнэ $20 байсан гэтэл 2010 онд $1 хүрэхгүй болсон тул Нью-Йоркийн хөрөнгийн биржээс хүртэл хасагдсан байна. Улмаар 2010 оны 9-р сард Blockbuster Чаптер 11-ийн дагуу дампуурлаа албан ёсоор зарлав. Тухайн үед өрийн хэмжээ $1.4 тэрбум, үлдсэн хөрөнгө $1.1 тэрбум орчим мөн үлдсэн дэлгүүрүүд 9000ес АНУ-д талаас бага буюу 3,300 байжээ.

2013 оны 11-р сард Dish Network мэдэгдэл хийж "Үлдсэн 300 дэлгүүрийг хаана, DVD шуудангийн үйлчилгээг зогсооно" гэж мэдэгдсэн. Үүний дараа Blockbuster үндсэн үйл ажиллагаагаа дуусгажээ.


Олон нийтийн хандлага ба соёлын нөлөө

1990-ээд оноос 2000-аад оны эхэн үед Blockbuster нь зөвхөн бизнес биш, СОЁЛ-ын нэг хэсэг болсон байв. Ихэнх айл өрхүүдийн хувьд Баасан гарагийн орой бол Blockbuster ороод кино түрээслэх, “Make it a Blockbuster Night” гэх уриа = киноны үдэшлэг, “Be Kind, Rewind” гэх VHS сэргээлт сануулах наалт = үеийн онцлог байжээ.

Хүмүүс зөвхөн тоочиглосон киногоо авахаар биш, дэлгүүр дотор сонирхолтойгоор судалж, таарсан киноо олдог байсан. Шүүгээнүүдийн хооронд кино хайж алхах нь стримингээс тэс өөр биеээрээ мэдрэх туршлага байв.

Blockbuster албан ёсоор хаагдсаны дараа, хүмүүс Blockbuster-ийг дурсамж, хуучин цагийн романтик байдлаар дурсаж эхэлсэн. Netflix 2022 онд "Blockbuster" нэртэй инээдмийн цуврал хийсэн боловч цуцлагдсан. 2020 онд гарсан “The Last Blockbuster” нэртэй баримтат кино нь Blockbuster-ийн уналтыг өгүүлж, nostalgi-ийн давалгааг дахин сэргээв.

2019 оноос хойш Орегон мужийн Bend хотод байрлах ганц дэлгүүр нь Blockbuster-ийн сүүлчийн салбар болж үлдсэн. Энэ дэлгүүр одоо жуулчдын очих дуртай газар ба хуучны бүтээгдэхүүний худалдаа, кино түрээс, сувинерүүд зэргийг санал болгодог ажээ.


Сургамж ба Дурсамж

Blockbuster-ийн брэндийн эрх, лого, нэр нь одоо ч Dish Network компанийн мэдэлд байдаг. 2023 онд Blockbuster вэбсайтаа сэргээсэн нь боломжит дахин эхлэлийн дохио гэж олон хүн таамагласан. Зарим крипто сонирхогчид “BlockbusterDAO” нэртэй төсөл гарган брэндийг худалдаж аваад дижитал кино стриминг платформ болгох зорилго тавьсан ч Dish үүнд зөвшөөрөл өгөөгүй.

Twitter/X дээр албан ёсны Blockbuster аккаунт хошин, nostalgic чиглэлийн постууд хийж, олон дагагчтай болсон нь Blockbuster сошиал медиад амьдарсаар байгаагийн илрэл юм.


📚 Үүнээс дүгнэхэд Blockbuster бол, хурдан өссөн, амжилттай бизнесийн загвар байсан ч, хурдтай өөрчлөгдөж буй орчинд уян хатан хариу өгөөгүйгээс гадна технологийн шилжилтэд анхаарал сул байснаар тэрбумаар үнэлэгдэж байсан бизнес ганцхан дэлгүүртэй үлдэтлээ алдсан юм. Сайн явж байгаа одоогийн бизнес модел ирээдүйд тохирохгүй байж болзошгүй гэдгийг харуулсан хамгийн том жишээ ба Kodak, Nokia зэрэг түүхэн том уналтуудын хамт дурдагддаг. Уг кейс бизнес эрхлэгчидэд үргэлж шинэ технологи, шинэчлэлтэд бэлэн байх хэрэгтэйг сануулж байдаг.


Гэсэн хэдий ч, тэр үеийн хүмүүст сэтгэл, дурсамж үлдээж чадсан брэнд билээ.

 
 
 

Comments


©2024 by Vexa Solution LLC. All rights reserved

  • Instagram
  • Facebook
  • YouTube
bottom of page