top of page
Search

Personalized Marketing: Хэрэглэгч бүрт тохируулсан маркетинг


Нэг хэвийн зар сурталчилгаанаас “онцгой хэрэглэгч”-ийн эрин рүү


Санаж байна уу? Хэдхэн жилийн өмнө бид бүгд телевизээр гардаг нэгэн жигд сурталчилгааг үзээд “Энэ миний хэрэгцээнд ямар ч холбоогүй” гэж боддог байлаа. Харин өнөөдөр Netflix танд яг тохирсон кино санал болгож, Spotify таны хөгжмийн хэв маягт нийцүүлэн шинэ дуунууд танилцуулж, Starbucks таны хамгийн их захиалдаг ундаа дээр хөнгөлөлт өгөөд эхэлсэн. Энэ бүгд танд “энэ брэнд намайг үнэхээр мэддэг юм байна” гэсэн мэдрэмж төрүүлдэг биз дээ?

Энэ бол Personalized Marketing буюу хэрэглэгч бүрт тохируулсан маркетингийн ид шид юм. Тэгвэл яагаад энэ өнөөдөр бизнесийн хамгийн халуун сэдэв болов?


Хэрэглэгчдийн хүлээлт өөрчлөгдсөн


Өнөөдөр хэрэглэгчид “нэгэн хэвийн масс зар” бус, өөрт нь яг тохирсон, хэрэглээтэй нь уялдсан мессежийг хүсэж байна.

📊 McKinsey-ийн 2023 оны судалгаа:

  • Хэрэглэгчдийн 70% нь брэндээс өөрийн сонирхолд нийцсэн үйлчилгээ хүлээдэг.

  • 76% нь ийм үйлчилгээ байхгүй бол худалдан авалтаа хийхээс татгалздаг.

Netflix болон Spotify-ийн алгоритм энэ хүлээлтийг амьдрал дээр баталж өгч байна. Ингэснээр хэрэглэгчид платформ дээрээ илүү удаан үлдэж, хэрэглэгчийн үнэнч байдал нэмэгддэг.


Өгөгдөл


Бидний хийдэг бүх үйлдэл хайлт, худалдан авалт, сошиал дээр лайк дарсан пост хүртэл өгөгдөл болон хувирдаг. Энэ өгөгдөл бол бизнесийн шинэ эрин үеийн хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө.

📊 Statista-ийн 2024 оны тооцоо:

  • Маркетингийн автоматжуулалтын зах зээл 2027 он гэхэд $13.9 тэрбум хүрнэ.

  • Хувьчилсан маркетинг хэрэгжүүлдэг компаниуд борлуулалтаа 10–20% нэмэгдүүлдэг.

AI, Big Data-ийн тусламжтайгаар бизнесүүд “нэг загвар бүгдэд” биш, харин хэрэглэгчийн хэрэгцээнд яг таарсан мессеж өгөх боломжтой болсон.



Өрсөлдөөн ба хэрэглэгчийн сонголт


Өнөөдөр хэрэглэгчийн сонголтын асар их. Хэрэв таны санал тохирохгүй бол тэр даруй дараагийн брэнд рүү шилжинэ.

👉 Жишээ нь: Монголд онлайн худалдаа идэвхжиж буй энэ үед хэрэглэгчид нэг товшилтоор бараг хэдэн арван өөр дэлгүүрийн үнийг харьцуулж чаддаг. Хэрэв та зөв хувьчилсан санал гаргаж чадахгүй бол хэрэглэгчийг нэг товшилтоор алдчих эрсдэлтэй.


Технологийн дэвшил: AI таны шинэ маркетинг менежер


Өмнө нь хувьчилсан маркетинг хийхэд олон хүний баг шаарддаг байсан. Харин одоо AI болон Machine Learning бодит цагийн (real-time) санал гаргаж чадна.

  • Chatbot таны өмнөх асуултад тулгуурлан тохирсон бүтээгдэхүүн санал болгодог.

  • CRM системүүд хэрэглэгчийн зан төлөвийг шинжилж, дараагийн алхмыг нь урьдчилан таамагладаг.

  • Жижиг бизнесүүд хүртэл аппликейшнээр дамжуулан хэрэглэгчийн хамгийн олон захиалдаг бүтээгдэхүүн дээр урамшуулал санал болгох боломжтой болжээ.

AI бол зөвхөн корпорацид биш, жижиг бизнесүүдийн “туслах ажилтан” болж байна.


Сэтгэл хөдлөл ба итгэлцэл


Хувьчилсан санал нь хэрэглэгчид “энэ брэнд намайг мэддэг” гэсэн мэдрэмж төрүүлдэг. Энэ мэдрэмж нь:

  • Итгэлцлийг бий болгодог

  • Үнэнч хэрэглэгч бий болгодог

  • CLV (Customer Lifetime Value – хэрэглэгчийн насан туршийн үнэ цэнэ)-г нэмэгдүүлдэг.

📊 Salesforce-ийн судалгаа: Хувьчилсан санал авсан хэрэглэгчдийн 84% нь дахин худалдан авалт хийх магадлал өндөр.


Жишээнүүд: Амжилтын түүх


  • Amazon - Recommendation (санал болгох) систем нь нийт борлуулалтынхаа 35 %-ийг бүрдүүлдэг. Энэ үр дүн нь хэрэглэгчдэд яг тохирсон санал өгснөөр борлуулалт үр дүнтэй байгааг баталдаг. 2022 онд нийт борлуулалт нь $514 тэрбум болж, өмнөх оноос 9 %-иар өссөн нь хувийн саналын хүчтэй нөлөөг илтгэнэ.

  • Netflix - Хэрэглэгчийн үзэх хэв маяг дээр суурилсан хувьчилсан алгоритм хөтөлдөг. Үүний үр дүнд 75–80 %-ийн орлого нь тухайн алгоритмаас гаралтай гэж тооцогддог. Энэ нь хэрэглэгчийг платформ дээр илүү удаан байлгаад зогсохгүй, контент бүрийг “танд тохирсон” мэт мэдрүүлэхэд нөлөөтэй.

  • Starbucks - Deep Brew AI систем нь хэрэглэгчийн худалдан авалт, газар, цаг, цаг агаар зэрэг мэдээллийг харгалзан хувьчилсан санал гаргадаг. Жишээлбэл, халуун өдөр төрөл бүрийн хүйтэн ундаа эсвэл бороотой үед зуушны хөнгөлөлт санал болгох гэх мэт. Starbucks апп-аар хийгдсэн захиалга нь АНУ дахь Starbucks-ийн нийт гүйлгээний 31%-ийг эзэлж байна. Энэ нь хувьчилсан санал, хэрэглэгчийн туршлагын үр дүнг тод харуулдаг



Ирээдүйн чиг хандлага


  • Real-Time Personalization (Бодит цагийн хувьчилалт)

    Хэрэглэгчийн хийж буй үйлдэл бүрд яг тэр мөчид тохирсон санал хүргэхийг хэлнэ. Жишээ: Та Zara-ийн онлайн дэлгүүрээр орж хүрэм үзэж байтал шууд доор нь "Энэ хүрэмтэй хослох гутал" гэж санал гарна. Энэ бол real-time personalization. Machine Learning алгоритм хэрэглэгчийн үйлдлийг шууд боловсруулж, тухайн хуудас дээр шууд санал гаргадаг.

  • AR/VR Personalization (Дижитал туршлагаар хувьчилалт)

    AR (Augmented Reality – Өргөтгөсөн бодит байдал), VR (Virtual Reality – Хийсвэр бодит байдал) технологиор дамжуулан хэрэглэгч бүтээгдэхүүнийг өөр дээрээ туршиж үзээд дараа нь худалдан авах боломжтой болно. 2025 он гэхэд AR/VR-д суурилсан онлайн худалдааны зах зээл $12 тэрбум долларт хүрнэ гэх судалгаа гарсан байна. Худалдан авалтын эргэлзээг багасгаж, буцаалтын тоог 20%-иар бууруулдаг.

  • Privacy-First Marketing (Нууцлалд суурилсан маркетинг)

    2020 оноос хойш хэрэглэгчийн дата хамгаалалт дэлхийн хэмжээнд хамгийн том асуудал болж байна.

    Apple-ийн iOS 14.5 → хэрэглэгч Tracking-д зөвшөөрөл өгөх эсэхээ өөрөө шийддэг болсон. Европын GDPR хууль → хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дата цуглуулахыг хатуу хориглодог. 2025 оны PwC-ийн тайланд 68% хэрэглэгч “нууцлалд итгэж байж” брэндээс худалдан авалт хийдэг гэжээ.

 


Дүгнэлт


Өнөөгийн хэрэглэгчид өөрийн өгөгдлөө (data) бизнесүүдтэй хуваалцаж байгаа нь зөвхөн худалдан авалтын замыг хялбарчлахын төлөө бус, итгэлцэл, үнэ цэнэ, сэтгэл ханамж-ийг буцаан авах хүлээлттэй холбоотой. Тиймээс компаниудын хувьд Personalized Marketing зүгээр нэг сонголт биш — ирээдүйн өрсөлдөөний үндсэн шаардлага болж байна.

Маркетингийн жинхэнэ утга нь түр зуурын борлуулалт бус, урт хугацааны харилцаа байгуулах урлаг юм. Энэ харилцаа нь зөвхөн тухайн хэрэглэгчийн онцлог, зан төлөв, хэрэгцээнд нийцсэн үед л үнэ цэнээ бүрэн илэрхийлнэ.

Өөрөөр хэлбэл:

·         Персонализаци = Итгэлцэл

·         Итгэлцэл = Үнэнч хэрэглэгч

·         Үнэнч хэрэглэгч = Урт хугацааны тогтвортой өсөлт.


"Маркетинг бол борлуулалт биш. Маркетинг бол хэрэглэгчтэй байгуулсан хувь хүний түвшний харилцаа. Харин тэр харилцаа үнэ цэнийг бий болгодог.

 
 
 

Comments


©2024 by Vexa Solution LLC. All rights reserved

  • Instagram
  • Facebook
  • YouTube
bottom of page