Брэндүүдийн амжилтын түүх
- VEXA agency

- Nov 5, 2024
- 3 min read
Updated: Apr 4, 2025

Дэлхий дахинд амжилттай зохион байгуулагдсан шилдэг компанит ажлууд маркетингийн салбарт хэрхэн хувьсал хийж, гайхалтай амжилт гаргасныг энэхүү нийтлэлээрээ хүргэж байгаа бөгөөд тэдний стратеги, тоон үзүүлэлтүүд бусад мэдээллүүдийг багтаан бэлтгэлээ.
1. Coca-Cola: "Share a Coke"

Стратеги:
2011 онд Coca-Cola компани Австралид “Share a Coke” компанит ажлыг эхлүүлж, өөрийн алдартай логог хэрэглэгчдийн нэрээр сольсон байна. Энэ нь дэлхийн нийтээр “personalized” буюу хувь хүнд чиглэсэн маркетингийн үзэл санааны амжилтыг илэрхийлсэн томоохон компанит ажил болж чадсан юм. Энэхүү компанит ажил нь хүмүүсийг өөрийн нэр эсвэл хайртай хүмүүсийн нэрийг хайх, тухайн бүтээгдэхүүнээ сошиал медиагаар хуваалцахад уриалан дуудсан юм. Уг компанит ажил маш хурдацтай нийгэмд тархаж, улмаар 70 гаруй улсад амжилттай хэрэгжүүлсэн байна.
Үр дүн:
Залуучуудын дунд борлуулалт 7%-иар өссөн.
Дэлхий дахинд борлуулалтын хэмжээ 2%-иар нэмэгдсэн.
Олон нийтийн сүлжээнд хэрэглэгчдээс бий болсон сая контентуудын давалгаа бий болсон.
Сурталчилгаа: “Share a Coke” - YouTube
2. Nike: "Just Do It"

Стратеги:
1988 онд Nike-ийн "Just Do It" (Зүгээр л хий) уриа бүхий стратеги, компанит ажил нь бүх төрлийн хүмүүсийг өөрсдийн хязгаарыг даван туулж, мөрөөдлөө биелүүлэхэд уриалан дуудсан дэлхий нийтийг хамарсан төсөл болж чадсан. Энэхүү төсөл нь спортын тамирчдаас гадна бүх насны энгийн хүмүүст урам зориг өгч, улмаар Nike-ийг дэлхий даяар алдаршсан брэнд болоход туслах хүчирхэг гүүр болж өгсөн юм.
Үр дүн:
Тус компанит ажлын хүрээнд 1988-1998 оны хооронд Борлуулалтын орлого 877 сая доллараас 9.2 тэрбум доллар хүртэл өссөн бөгөөд Америкийн спорт гутлын зах зээлийн эзлэмж 18%-иас 43% болтол нэмэгдсэн байна.
Сурталчилгаа: “Just Do It” - YouTube
3. Dove: "Real Beauty"

Стратеги:
Unilever-н охин компани болох Dove нь тэдний компанит ажлын гол мессеж нь Unilever-ийн бусад брэндүүдийн бодлоготой зөрчилдөж байсан хэдий ч, "Real Beauty" буюу “Жинхэнэ гоо үзэсгэлэн” компанит ажлыг 2004 онд эхлүүлсэн. Компанит ажлын гол уриалга нь эмэгтэйчүүдийг өөрсдийн жинхэнэ гоо үзэсгэлэнг үнэлж, хэвшмэл ойлголтоос салж, өөртөө итгэх итгэлийг олж авахад чиглэгдсэн. "Гоо үзэсгэлэн нь хэмжээ, хэлбэр, арьсны өнгө, наснаас үл хамаарна" гэсэн санааг уриалсан нь хүмүүсийг гоо сайхны уламжлалт стандарттай харьцуулахгүй байхыг дэмжсэн байна.
Энэхүү уриалгыг хэрэгжүүлэхийн тулд Dove эгэл жирийн эмэгтэйчүүдийг сурталчилгаанд оролцуулж, төгс бус байдлыг ч гэсэн жинхэнэ гоо үзэсгэлэнгийн нэг хэсэг гэдгийг харуулсан байна.
Үр дүн:
Компанит ажил дэлхий даяар 30 сая эмэгтэйд хүрсэн.
Dove-ийн борлуулалт 10 жилийн турш тасралтгүй нэмэгдэж 2.5 тэрбум доллараас 4 тэрбум доллар хүртэл өссөн.
Unilever-н хамгийн том брэнд болсон.
Сурталчилгаа: “Real Beauty” - YouTube
4. GoPro: User Generated Content

Стратеги:
GoPro-н 2010 онд эхлүүлсэн “Хэрэглэгчдийн бүтээсэн контент” компанит ажил нь хэрэглэгчдийг камерынхаа бодит боломжийг ашиглаж, өөрсдийн амьдралын үнэт мөчүүдийг буулгаж, тэдгээрийг дэлхий нийтэд хуваалцахыг уриалсан. Хэрэглэгчдийн бүтээлч санаачилга, туршлага, адал явдлыг онцлогуудаар дамжуулан GoPro нь зөвхөн камер биш, харин өөрийн дүр төрхийг бүтээх хэрэгсэл гэдгийг энэхүү компанит ажлаараа харуулснаараа брэндийн үнэнч хэрэглэгчдийг нэмэгдүүлж чадсан байна. Бүтээгдэхүүний бодит хэрэглээг хэрэглэгчдээр дамжуулан бусдад үр дүнтэй сурталчилж чадсан маркетингийн амжилттай жишээ болсон.
Үр дүн:
Өдөрт 6,000 видео YouTube хуудаснаа нийтлэгдсэн.
Нийт хэдэн тэрбум үзэлттэй олон мянган контентууд нийтлэгдэж, компаний борлуулалт 72%-иар өссөн байна.
Гол сурталчилгаа: GoPro хэрэглэгчийн видео - YouTube
5. Spotify: "Wrapped"

Стратеги:
2016 онд Spotify хувь хэрэглэгч бүртээ зориулан сонссон дуу болон хөгжмийнх нь статистик мэдээллүүдийг хувьчлан гаргаж өгөх санаачлагыг эхлүүлсэн нь "Wrapped" компанит ажил юм. Жил бүрийн төгсгөлд хэрэглэгчдэдээ тухайн жилд сонссон дуу хөгжим, дуртай артист, жанруудын тайланг өнгөлөг, сонирхолтой байдлаар хүргэж, эргэн сануулж эхэлсэн байна.
Wrapped нь зөвхөн мэдээлэл өгөхөөс гадна, хэрэглэгчдэд хувийн тайлангаа сошиал медиагаар хуваалцах боломжийг бүрдүүлснээр компанит ажил нь сошиал орчинд томоохон давалгаа үүсгэсэн юм. Wrapped мэдээлэл жилийн төгсгөлийн богинохон хугацаанд л идэвхтэй байдаг онцлог нь хэрэглэгчдийн сонирхлыг улам их татаж, идэвхтэй оролцоонд уриалж чадсан байна. Энэхүү “personalized” үйлчилгээ нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, Spotify-ийн брэндийг дэлхий даяар хүчирхэгжүүлэхэд томоохон нөлөө үзүүлсэн юм.
Үр дүн:
2021 онд 90 сая гаруй хэрэглэгч өөрсдийн "Wrapped"-ийг сошиал хуудсаараа түгээсэн.
Арванхоёрдугаар сард аппликейшн таталтын хэмжээ 60%-иар өссөн.
Сурталчилгаа: Spotify Wrapped - YouTube
Дүгнэлт
Энэхүү нийтлэлд багтсан жишээнүүд нь хэрэглэгчдийн хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцсэн бүтээлч санаа, шинэлэг санаачлага дээр тулгуурласан компанит ажлууд брэндийг хэрхэн амжилтанд хүргэж болохыг тод томруун харуулж байна.
Vexa Agency нь брэнд хөгжүүлэлт, маркетингийн шинэлэг, үр дүнтэй компанит ажлууд болон зар сурталчилгаа, идэвхжүүлэлтийн бүхий л чиглэлээр танай байгууллагатай хамтран ажиллахдаа таатай байх болно.




Comments