top of page
Search

"Кухня" цувралаас суралцах маркетингийн 11 хичээл

Updated: Apr 18, 2025

Оросын Холбооны Улсын "Yellow, Black and White" продакшны бүтээл "Кухня" инээдмийн цуврал бол яалтачгүй бидний зүрх сэтгэлд хоногшсон бүтээл билээ. Хамгийн эхний анги 2012 оны 10-р сарын 22-нд цацагдаж эхэлсэн бол өдгөө 4 тусдаа цуврал, 3 бүрэн хэмжээний кино үзэгчдийн хүртээл болжээ. Кино багийнхан бүтээлээ үнэхээр л бидний зүрхэнд хоногшихоор хийж маш сайн сурталчилж чадсан.


"Kitchenverse" – Кухня, Отель Элеон, Гранд... энэ цуврал бол зүгээр л нэг инээдтэй, дотно уур амьсгалтай киноноос гадна маркетинг, харилцаа, брэнд бүтээх, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, багийн тоглолт, үнэнч байдал гээд бизнесийн амьдралын олон талт дүр зураг байсан. Тиймээс танд уг цувралаас суралцаж болох маркетингийн 11 санааг хүргэж байна.


Брэндийн тууштай байдал

Claude Monet ресторан кино эхлэхээс л тууштай өндөр зэрэглэлийн Франц хоолны ресторан хэвээр байв. Киноны турш хамгийн гол хүн болох ахлах тогооч Виктор Бариновийг хүртэл сольсон ч ресторан өөрийн өвөрмөц амт, үйлчилгээ, уур амьсгалыг алдаагүй. Энэ нь бизнесийн удирдлага, ажилчид өөрчлөгдөж байсан ч үйлчлүүлэгчид танигдах түвшинд тууштай брэндийг бий болгох нь үнэ цэнэтэй болохыг харуулдаг. Хэрэглэгчид найдвартай, таньж мэддэг брэндээ сонгох нь элбэг.

Жишээ нь: 4-р бүлэгт Claude Monet шинэ эзэнд зарагдаж сүлжээ рестораны салбар болдог гэсэн хэдий ч ахлах багийнхантайгаа тэмцсээр хуучин хэвэнд нь авч үлдэж чаддаг.


Алдартнууд болон нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэг

Алдартнууд ресторанд хооллох үед бизнесийн хэмжээ болон нэр хүнд мэдэгдэхүйц өсдөг байсан. Жишээлбэл, алдартай жүжигчид, бизнесменүүд, улс төрчид Claude Monet-д ирэх үед энэ нь зөвхөн нэг үдшийн биш, харин мөн цаашид олон шинэ захиалга авахад хүргэдэг. Жирийн бизнест ч гэсэн үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл, нийгмийн сүлжээний нөлөөлөгчид нь шинэ хэрэглэгчдийг татах хүчтэй хэрэгсэл юм. Жишээ нь: Гал тогоо цувралын 2-р бүлгийн 4-р анги дээр ахлах Викторын хуучны шавь уригдан ирж нээлттэй гал тогооны өдөрлөг зохион байгуулж маш олон интернетийн нэр хүндтэй яваа инфлүенсэрүүд ирдэг. Мөн "Энэ нь бидэнд маркетингийн маш том боломж" гэж рестораны захирал Кристина хэлдэг нь ч уг санааг тодорхой болгож өгч байгаа юм. Үүнээс гадна алдартай бизнесмен уг ресторанд хооллоно гэсэн сургаар тэдний рестораны үүдэнд маш олон хүмүүс цугладаг. Энэ нь зөвхөн кинон дээр л гардаг үзэгдэл биш билээ.


Хямралын үеийн менежмент

Рестораны хамт олон нь тогтмол сорилттой тулгарч, гэнэтийн хямралуудыг тэр дор нь сэргэлэн аргаар шийддэг. Хямралын менежментийн гол сургамж нь: асуудал гарахад шийдвэрлэхээс илүүтэй урьдчилан сэргийлэх нь илүү үр дүнтэй, асуудал гарсан үед шууд, ил тод шийдвэрлэх нь маш чухал.


Үйлчлүүлэгчийн туршлага

Ресторан бүхий л нарийн ширийн зүйлд анхаардаг: хоолны хэлбэр, амт, танилцуулга, ширээний засал, зөөгчдийн хувцас, дуу чимээ, гэрэлтүүлэг, дотоод засал. Энэ нь үйлчлүүлэгчид зөвхөн хоол идэхээс гадна бүхэл бүтэн дурсамж, мэдрэмжийн төлөө төлбөр төлдгийг харуулдаг.

Жишээ нь: 2-р бүлэгт рестораны эрхлэгч Вика хэрхэн бүх сэтгэл зүрхээрээ дотоод засалдаа болон өнгө төрхдөө анхаарсаныг дурьддаг. Мөн өрсөлдөгч ресторан хажууд нь нээгдэхэд хамгийн түрүүнд тэдний хоолонд биш дотоод засал, уур амьсгалд анхаардаг нь хэрэглэгчийн туршлага ямар чухал болохыг харуулж байна. Аливаа бизнест хэрэглэгчийн аялалын бүх цэгийг анхаарч үзэх нь маш чухал.


Зорилтот үйлчлүүлэгчдээ ойлгох

Claude Monet Москвагийн чинээлэг, боловсрол өндөртэй хүн амд үйлчилдэг. Тэд Франц дарс, Европын үзүүлэлтүүд, түвшин өндөртэй орчин зэргийг үнэлдэг. Ресторан зах зээлийн энэ сегментийн онцлог шаардлагуудыг ойлгож, үйлчилгээгээ тэдгээрт тохируулж байна.

Жишээ нь: тэд киноны туршид өөрчлөлт шинэчлэлт хийх бүрдээ зорилтот бүлэгээ хэзээ ч мартдаггүй. Хэрэглэгч хаан гэдэг промптоо баримталдаг ч ажилдануудаа ч мөн үнэт зүйл хэмээн эрхэмлэдэг нь ямар ч бизнест хэрэгтэй зарчим юм. Бизнесийн хамгийн эхний алхамуудын нэг нь – таны зорилтот зах зээлийн онцлог хэрэгцээ, бахархал, зовнил юу болохыг ойлгох явдал юм.


Rebranding стратеги

Элеон зочид буудал шинэ эзэн, удирдлагын багтай болох үед тэд хуучин брэнддээ орчин үеийн шинэчлэлт хийн нэр зэрэгээ өөрчилдөг хэдий ч зочдын хайрладаг үндсэн үнэт зүйлсийг хадгалсан хэвээл байдаг. Энэ нь rebrand хийх явцад хуучин үйлчлүүлэгчдийн итгэлийг алдахгүйгээр шинэчлэлт, өөрчлөлт хийх тэнцвэртэй байдлын чухлыг харуулдаг. Тэд шинэ үндсэн үнэт зүйлс, орчин үеийн технологи нэвтрүүлэх, гэхдээ мөн рестораны олон жилийн турш бий болгосон уламжлал, загварыг хадгалсаар байдаг.


Дижитал маркетинг

Тэд киноны туршид нэлээдгүй олон удаа зочдод цахим захиалга, вэбсайт болон апп-аар дамжуулан үйлчилгээ захиалах, нийгмийн сүлжээгээр сурталчилгаа явуулах зэрэг дижитал аргуудыг ашигладаг. Энэ нь орчин үеийн аялал жуулчлалын бизнест дижитал оролцоо хэрхэн зайлшгүй хэрэгтэй болохыг харуулж байна.

Жишээ нь: Элеон зочид буудлын 2-р бүлэгт сурталчилгаа явуулахын тулд алдартай байгаа влогерийг мөнгөөр авчирдаг. Бизнесүүд дижитал шилжилтийг зөвхөн тренд гэж үзэх биш, харин бизнес стратегийн салшгүй хэсэг гэж үзэх ёстой.


Амаар дамжих маркетинг

Kitchenverse-ийн бүх цувралд сэтгэл ханамжтай үйлчлүүлэгчид найз нөхөд, гэр бүлдээ дамжуулан шинэ үйлчлүүлэгчдийг авчирдаг. Уг байгууллага нь олон жилийн туршид онцгой туршлага үүсгэснээр, хэрэглэгчид сайн дурын сурталчилгааны элч болдог. Мөн тэдэнд үргэлж зочилдог байнгын үйлчлүүлэгчидийн жагсаалт хүртэл байдаг. Энэ нь чанартай, сэтгэлд хоногших үйлчилгээтэй байх нь ямар чухар вэ гэдгийг хэлж байна. Дижитал маркетингийн эрин үед ч гэсэн хэрэглэгчийн зөвлөмж нь хамгийн үнэтэй, итгэл хүлээлгэдэг маркетингийн хэрэгсэл хэвээр байна.


Туршлагад суурилсан маркетинг

Цувралуудад рестораны хоолны тусгай болон нээлттэй үйл ажиллагаанууд, зочид буудлын онцгой өрөөний төслүүд, хаалттай болон нээлттэй дуудлага худалдаанууд, үйлчлүүлэгчдэд зориулсан тусгай үйлчилгээнүүд үзүүлдэг. Энэ нь бүтээгдэхүүн, үйлчилгээнд санал болгохоос гадна, зориуд үүсгэсэн туршлага нь маркетингийн хүчирхэг хэрэгсэл болохыг харуулдаг. Хэрэглэгчид өнөөдөр зүгээр нэг бүтээгдэхүүн, үйлчилгээнээс илүүтэйгээр утга учиртай, хуваалцах зүйлтэй туршлагыг худалдаж авахыг илүүд үздэг хэвээр.

Жишээ нь: Элеоны 3-р бүлэгт хурууны хээгээр хаалга онгойлгох зэрэг олон шинэ үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлдэг. Шинэ санаа хариуцсан захирал хүртэл ажилд томилдог нь үргэлж шинэ содон арга барилыг хэрэглэж, онцгой сэтгэгдэл төрүүлэх нь чухалыг харуулж байна.


Зах зээлд дахин байршуулах

"Гранд" цувралын эхэнд зочид буудал дахин нээгдэж, "Элеон"-оос "Гранд" болж шинэчлэгдэн, улам өндөр зэрэглэлийн, олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай болдогийг та санаж байгаа байх. Энэ нь бизнес өөрийгөө тогтсон зах зээлд хэрхэн дахин байршуулж, өөрийн онцлог өрсөлдөөний давуу талаа хэрхэн тодорхойлох ёстойг харуулдаг. Rebrand-ын гол нь шинэ нэр, лого-оос илүүтэйгээр үндсэн үнэ цэнэ ба амлалтын илэрхийлэл байх ёстой. Нэрээ сольсон ч үндсэн зарчимаа баримтлах нь чухал гэсэн үг юм.


Үйлчилгээний сэргэлт

"Гранд"-ын хэд хэдэн ангид үйлчилгээний алдаа гарсан боловч удирдлагын баг тэдгээрийг шийдвэрлэж, сэтгэл ханамжгүй зочдод өвөрмөц арга хэмжээ авдаг. Жишээ нь: тэд алдаа гаргах үедээ ресторанаас үнэгүй хоолоор дайлуулах эрх эсвэл спад үйлчлүүүлэх эрх бэлэглэдэг. Энэ нь бизнест алдаа гарахаас зайлсхийх нь чухал, гэхдээ мөн алдаа гарсан үед түүнийг хэрхэн шийдвэрлэх нь илүү чухал болохыг харуулдаг. Үйлчлүүлэгчид алдаа гарсан үед хэрхэн шийдвэрлэх байдал нь таны брэндийн нэр хүндийг тодорхойлдог.


Үүнээс дүгнэхэд...

Kitchenverse-г бүрдүүлж буй "Кухня", "Отель Элеон" болон "Гранд" цувралууд нь зүгээр нэг үзвэр төдий биш, харин амьдралын бодит хичээл, ялангуяа маркетингийн салбарт чухал сургамжууд агуулсан эрдэнэсийн сан юм.

Орчин үеийн бизнес ертөнцөд амжилтад хүрэхийн тулд бид тууштай брэндийг бүтээх, өөрсдийн зорилтот хэрэглэгчдийг сайтар ойлгох, дижитал шилжилтийг тэврэх, бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ төдийгүй бүхэл бүтэн туршлагыг санал болгох ёстой.

Цувралын хамгийн чухал сургамж нь - бизнес бол зүгээр нэг гүйлгээ биш, харин харилцаа юм. Claude Monet ресторан, Элеон болон Гранд зочид буудлуудын амжилт нь тэдний үйлчлүүлэгчидтэй холбоо тогтоох, тэдэнд үнэ цэнэ өгөх, тэдний хүлээлтээс давсан туршлага бий болгох чадвараас хамаардаг.


Эцэст нь, эдгээр цувралууд маркетинг хэзээ ч зөвхөн сурталчилгааны санаа эсвэл борлуулалтын тактик биш гэдгийг сануулдаг. Маркетинг бол таны үйлчлүүлэгчдэд өгөх амлалт ба тэр амлалтаа биелүүлэх бүхий л үйл явц юм. Баринов, түүний баг, Элеон болон Гранд-ын удирдлагууд бидэнд үзүүлсэн шиг, жинхэнэ амжилтад хүрэхийн тулд бид зүгээр нэг хэрэглэгчид биш, харин тэдний түүхийн нэг хэсэг болж, тэдний дурсамжид тогтохуйц туршлага бий болгох ёстой.


 
 
 

Comments


©2024 by Vexa Solution LLC. All rights reserved

  • Instagram
  • Facebook
  • YouTube
bottom of page